Налайх дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн албаны дарга Г.Баярсүрэнтэй ярилцлаа. -Өглөөний мэнд -Өглөөний мэнд сайн байцгаана уу? Налайх дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн алба нь Нийслэл тэр дундаа Налайх дүүрэгт сүүлийн хэдэн жилүүдэд хамгийн их гэрэлтүүлэг тавьсан жил болж байна. Налайх дүүрэг нийт хичнээн гэрэл тавьчихаад байна вэ? -2016 онд 1600 гэрэл байсан 2019 оны 12 сарын байдлаар 4005 гэрэлтэй болоод байна. 2020 онд дахиад 1500 гэрэлтүүлэг нэмэгдэж хийгдэнэ, ингээд Налайх нийтдээ 5500 орчим гэрэлтэй гэж бодож болно. -Нийт 8 хороондоо харанхуй гудамжгүй болно гэж ойлгож болох уу? -Тийм мэдээж цөөн тооны замын дагуух ганц нэг гудамжинд гэрэл дутах байх. Гэхдээ бүгдийг нь гэрэлтүүлэхийн төлөө ажиллаж байна. -Бүх гэрэлтүүлэгүүд нэг хот, нэг стандартын дагуу тавигдаж байгаа юу? -2019 онд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотод баригдах гэрэлтүүлэгийн стандарт гэж гаргалаа. Манай улсад энэ төрлийн стандарт байдаггүй. Одоо бол нийслэлийн хэмжээнд баримтлах стандарт батлагдлаа. Энэ стандартыг баримтлаад явна. Өнөөдрийн байдлаар хэцүү хүндрэлтэй юм бол байгаа. 4000 гаруй гэрэл Налайх гэхэд 20-30 янзын гэрэлтүүлэгийн толгой, суурин анкер нь өөр байдаг, зарим нь боломжоор нь сэлбэг олддог зарим нь бол сэлбэг нь олдоггүй. Нэг удаа ашиглаад сэлбэг олдохгүй солих тохиолдол ч байдаг. Энэ нь стандартгүй явж байсных гэж харж болно. Цаашид бол ийм зүйл гарахгүй нэг стандартаараа явах боломжтой. -Гэрэлтүүлэг нэмэгдсэний ач тус дүүрэгт ямар ач холбогдол, нөлөөтэй вэ? -Орон сууцны хороололд амьдарч байгаа иргэд бол гэрэлтүүлэгтэй, цардсан замтай, цэвэр бохирын шугам сүлжээтэй байдаг. Гэр хороололд амьдарч байгаа иргэдэд хамгийн түрүүнд хийх зүйл нь гэрэлтүүлэгтэй гудамж, нэг үгээр харанхуй гудамжгүй байх хүсэл нь юм. Мэдээж гэр хороолол гэрэлтүүлэг сайтай байснаар гэмт хэргийн гаралт буурах, харанхуйд явахад бүдчээд байхгүй, зэрлэг нохой муураас айх эмээх зүйлгүй, ая тухтай байх боломж бүрдэж өгдөг. 1-р хороонд гэрэлтүүлэг тавьсанаар гэмт хэргийн гаралт 20-30 хувиар буурсан үзүүлэлт гарсан байдаг. -Налайх дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдсэнээр гэмт хэргийн гаралт эрс буурсан гэж үзэж болохоор байна. Мэдээж дагаад камержуулалт нилээд ихсэн үү? -2018 оноос хойш манайх камержуулалтын засвар үйлчилгээг хийж байгаа. Мэргэжлийн түвшинд камержуулалтын ажлын засвар хийх, шинээр суурилуулах ажлуудыг зохион байгуулж байгаа. Камер бас цахилгааны зардал гардаг. Эдгээрийг орон нутагтайгаа зөвшилцөн шийдэж байна. Танай байгууллага төсвийн бүрдүүлэлт болоод гадагш чиглэсэн ажлуудаас дурьдвал? -Мэдээж манай байгууллага зөвхөн төсөв хараад байхгүй олон улсын байгууллагатай хамтран ажиллах санал санаачлага гарган урд хөрш болон Солонгос улсын зарим хоттой холбогдож туршлага судлах ажлуудыг зохион байгуулсан. Мөн өөрсдийн санал санаачлагаар орон нутгийн удирдлагийн дэмжлэгээр 575 гэрлийг санаачилж, гүйцэтгэлээ. Энэ гэрэл суурилуулах ажил тендер зарласан бол 1 гэрлийг 1’500’000 төгрөгөөр хийх байсан. Өөрсдөө хийж гүйцэтгэхэд 900 000 төгрөгөөр, нэг үгээр гэрэл тус бүрт 600’000 төгрөг буюу нийт 345 сая төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн үг. -Танай байгууллага цаашдын зорилгоос дурьдвал? -Мэдээж харанхуй гудамжгүй, гэмт хэргийн гаралтгүй болох гэрэлтэн гялтганасан Налайх хот болохын тулд ажиллах болно. -Танай байгууллага хамт олонд өндөр амжилт хүсье. -Баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье.

Ч.Содном

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here