Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд 2057 иргэн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулах юм.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан ярихдаа, “Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний шалгалтыг авч дууслаа. Ирвэл зохих 140 хүнээс 101 нь шалгалт өгч, 30 нь тэнцсэн. Өдөрт таван ээлжээр, нэг ээлжиндээ 140 хүн, нийт 700 гаруй хүн шалгалт өгнө гэж тооцоолсон” гэлээ. Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 4 удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон байна.