Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ төрийн албанд шинэчлэл хийнэ гэдгийг мэдэгдлээ. “Төрийн албаны данхгар байдал төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төрийн албанд шинэчлэл хийнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
“Монгол Улсын нийт ажиллах хүчний 18 хувийг төрийн албан хаагч бүрдүүлж байна. Олон улсын жишгээр энэхүү тоог 15 хувьд барьдаг. Өөрөөр хэлбэл, эл үзүүлэлтийг 3-4 хувиар хэтрүүлсэн байна. Иймд Засгийн газар цаашид 15 хувийн хязгаарлалтыг тогтооно.
Мөн олон улсын жишигт төсвийн зардлыг 30 хувьд барьж байвал хэвийн түвшин хэмээн тооцдог. Одоогийн байдлаар төсвийн зардал 37 хувьтай байна. Иймд ирэх оны төсвийг төлөвлөхдөө эл түвшинг 30 хувьд барина” гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгджээ.