Санхүүгийн Зохицуулах Хороо, ЖАЙКА-ийн хамтарсан “Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд 1 дүгээр сарын 16-нд боллоо.

Хэлэлцүүлэгт уригдсан төлөөлөгчид болон оролцогчид олон сонирхолтой илтгэл тавьсан.

Энэ үеэр хэлэлцүүлэгт панелистаар оролцсон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагаас тодруулга авлаа.

-Та компанийнхаа гол онцлогоос хэлнэ үү?

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК нь Монгол улсын хэмжээнд үнэт цаасыг бүртгэдэг, хадгалдаг, үнэт цаастай холбоотой шилжүүлэг /бэлэглэл, зээлийн барьцаа, өв залгамжлал г.м/-ийг хийдэг 100% төрийн өмчит компани юм. Сангийн яам манай компанийн гол хувьцаа эзэмшигч бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь манай компанийн хууль эрх зүй, дүрэм, журмыг баталдаг.

Мөн манай компаниар дамжуулан Хувьцаат компаниуд ногдол ашгаа тараалгадаг тул бид хувьцаа эзэмшигчдэд тухайн компанийн ногдол ашиг тараалтын мэдээллийг өгдөг.

Өнөөдрийн байдлаар манай компанид 330 ХК бүртгэлтэй байгаагаас 317 нь нээлттэй ХК, 13 ХК нь хаалттай хээлбэрээр бүртгэгдсэн байна.  2001 оноос хойш Монголын Хөрөнгийн зах зээлд 16 хувьцаат компани бонд гаргасан. 2018-2019 онд дөрвөн ХХК компанийн бонд гаргажээ. Эдгээр бондын бүртгэлийг хийж, хадгалж байна.

-Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээний “Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин” сэдэвт семинарт ямар асуудлыг онцолж хэлэлцүүлсэн бэ?

-Энэ семинарт Монгол улсад компанийн бондыг хэрхэн хөгжүүлж, яаж хөрөнгө оруулалтыг татах асуудлаар нэлээд их ярилцаж байна. Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжаа эрхлэгчдийн холбоо энэ чиглэлээр яаж хамтарч ажиллах талаар ЖАЙК-гаас нэлээд хэдэн сургалт явуулж байна. Энэ асуудлаар бид санал бодлоо хэлж байгаа.

Ер нь семинарын хэлэлцүүлгээр хөрөнгө оруулагчдыг яаж татах вэ, компаниуд бонд гаргахад хэрхэн яаж чирэгдэл багатайгаар хурдан шуурхай гаргах вэ, бондын шимтгэл, хураамжийг хэрхэн тооцож, ямар журмаар бүртгэдэг байх зэрэг бүх талын асуудлыг ярилцлаа.

Жишээ нь: ХК-иуд нээлттэй хэлбэрээр Монголын хөрөнгийн биржэд бондоо гаргахад бүрдүүлэх материал, тавигдах шаардлага нь нэлээн цаг хугацаа шаардсан байдаг талаар яригдлаа, нөгөө талаас биржийн бус зах зээл дээр компаниуд бонд гаргахад арай хурдан байдаг. Иймээс Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд анхааран ажиллахаа мэдэгдлээ.

-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаар тодорхой шийдвэр гарахгүй их удаж байна. Ард түмний санхүүгийн байдал хүндхэн байгаа. Ер нь ойрын хугацаанд 1072 хувьцааны ногдол ашгийг шийдвэрлэх асуудал ямар чиг хандлагатай байгаа бол?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны бичилтийг 2011оны 4-р сарын11-нээс өмнө Монгол улсын бүх иргэнд эзэмшүүлэн бүртгэлийг манай компани  хийсэн. Эх орны хувь хишиг гэдгээр өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгөө авсан байдаг. 2011-2012 онуудад сурч байсан оюутнууд сургалтын төлбөр хэлбээрээр 500 000 төгрөг авсан бол мөн эрүүл мэндийн даатгалтай холбоотой 8040 төгрөгийг 2011онд суутгасан. Энэхүү хувьцааны бүх бүртгэл өөрчлөлтийг манай компани хийсэн.

2018 оны 10 дугаар сараас эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараана гэж нэлээд их зарласан. Үүнтэй холбоотой иргэд маш их үнэт цаасны дансаа нээлгэсэн. Гэвч ногдол ашгаа тараагаагүй.

Одоог хүртэл УИХ, Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг 2020 онд иргэддээ тараах уу, үгүй юу гэх шийдвэр албан ёсоор гаргаагүй байна. Иргэд хүлээттэй байгаа. Хэрэв УИХ Засгийн газрын тогтоол гаргавал манай компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах ажлыг ханган ажиллахад бэлэн байгаа.

Б.БАЯРМАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here