Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” болон үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар “Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Хоёр хоногийн өмнө Францаас ирсэн нэгэн иргэн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үнэтэй байна гэж шүүмжилсэн. Үүнтэй санал нийлж байна. Гэхдээ яагаад ийм үнэтэй байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Биднийг шуналтай гэж хэлж байгаа нь маш олон иргэдийг бухимдахад хүргэсэн.
Яг үнэн хэрэг дээрээ Монголд үйлдвэрлэсэн бүхэн яагаад үнэтэй байгааг биднээс биш улс төрчдөөс асуух хэрэгтэй.
Францад сүү, гурил нь Монголоос хямд байдаг гэж сонслоо. Бид хэчнээн сая малтай орон билээ. Яагаад сүүн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихав аа, Баруунд буюу Франц гэх мэтийн орнуудад үндэсний үйлдвэрлэл нь хямд байгаа нь бизнес хийдэг хүмүүсийн дунд шударга өрсөлдөөн явагддагтай холбоотой.
Тэнд хот болгон нь сүү болон махны үйлдвэрлэлтэй, манайх шиг нэг газраа бөөгнөрдөггүй. Тухайн орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангадаг жижиг үйлдвэрүүд хөгжсөн. Ийм үйлдвэрүүд олон байдаг тул тэд хоорондоо үнэ болон чанараар өрсөлддөг. Ийм боломжийг нь тухайн улсын Засгийн Газар нь бодлогоор дэмждэг. Үйлдвэрлэлийг 20-25 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтаар л дэмждэг.
Манайд бол эсрэгээрээ буюу арилжааны банкнаас сарын 2.0-2.5% хувийн хүүтэй зээл авдаг.
Нөгөө талаас гурил, сүүний үнэ яагаад өндөр өртөгтэй байдаг вэ гэхээр улс төрчид малчид, тариаланчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Энэ дарамт үйлдвэрлэгчид дээр л очдог.
Ингээд ярихаар хувцас биш хүнсний талаар ярьж байна гэж олон хүмүүс шүүмжилсэн. Хувцас бол хүнстэй ижил хүний хэрэгцээг хангах зорилготой. Хувцас үйлдвэрлэгчид эхнээсээ босож чадахгүй дампуурдаг. Нэг ширхэг цамц үйлдвэрлэхэд бид нар гурван удаа татвар төлдөг. Эхнийх нь үйлдвэрлэлийн материалаа гаалиар оруулж ирэхэд 15.5%-ын татвар төлдөг. Оруулж ирсэн түүхий эдээрээ үйлдвэр дээрээ авчраад бараагаа хийх явцдаа ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түрээс, тог цахилгаан гээд дуусахгүй.
Хийсэн бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэд хүргэхийн тулд дэлгүүрт лангуу түрээсэлнэ, худалдагчдад цалин хөлсийг нь өгнө гэх мэтээр гурав дахиа татвар төлнө.
Ийм олон татварын дарамтаас Монголд хийсэн бүтээгдэхүүн гаднаас импортоор орж ирж буй бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөх чадваргүй. Үүн дээр манай эрх баригчид гаднын үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого гаргадаг.
Тиймээс миний хувьд Монгол Улсын Засгийн Газар болон УИХ-д гомдол гаргаж буй юм.
Ямар учиртай гомдол вэ гэвэл цар тахлын үеэр хууль баталсан. Энэ хуулиар манай улсад үйлдвэрлэж болохуйц бүтээгдэхүүнийг буюу халдвар хамгаалалтын үед хэрэглэх хувцасны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлсөн. Ийм хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард баталчхаад тэр жилийнхээ он солигдох үед буюу арванхоёрдугаар сарын 31-нд хуульдаа өөрчлөлт оруулж түүхий эдийн материалыг татвартай болгосон. Тэгээд бэлэн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэхэд татваргүй болгосон юм.
Үүний нотолгоо нь Засгийн Газрын 132 дугаар тогтоол журмыг үзэж болно. Ингээд үндэсний үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөх боломжгүй болдог.
Манай Засгийн Газар сүүлийн 30 жилд үйлдвэрлэлийг бус худалдааг дэмжсэн бодлого явуулж ирснийг эндээс харж болно. Тиймээс манайд үйлдвэрлэдэг сүүний, махны, гурилын бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа юм.
Тиймээс иргэдийг энэ талаар зөв ойлголттой байж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна. Буруу бодлого явуулж шударга өрсөлдөөн явуулдаг Засгийн Газрын бодлогыг бизнес эрхлэгчид бид дуу нэгтэйгээр эсэргүүцэх ёстой. Ийм асуудал дээр нэгдэж дуугарах хэрэгтэй байна” гэж ярилаа.