Нийслэлийн хориглосон бүс рүү олон тооны адуугаа удаа дараа оруулсан иргэдийн нэрийг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг зарлав.
Тэрбээр “Мал, аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг хашаалж, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлагдан хэрэгжиж байгаа.
Энэ ажлыг эрчимжүүлэх журмын хэрэгжилтийг хангах үүднээс өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдсан.
Уг нэгдсэн арга хэмжээний үеэр Улаанбаатарын хориглосон бүсэд 3,051 малыг хашаалж эздэд нь арга хэмжээ тооцон хүлээлгэн өгсөн байгаа. Үүний дүнд хориглосон бүсэд малгүй болсон.
Энэ арга хэмжээнээс санаа авч малаа гаргаж байгаа, дахин оруулахгүй болгож байгаа малчин иргэд байна. Эсрэгээрээ дахиад малаа оруулдаг хүмүүс байна.
Эдгээр хүнийг та бүхэнд нэрлэж, хэлж анхааруулахгүй бол журмын хэрэгжилт хангагдахгүй байгаа” гэлээ.
Хориглосон бүс рүү адуугаа оруулж буй иргэдийн нэр:
- Иргэн Д.Баярсайхан болон ах, дүү, малчдын олон тооны адуу хориглосон бүс рүү орж байна.
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч С.Баяраагийн 172 адуу хориглосон бүс руу ордог.
- Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны оршин суугч Б.Төмөрчөдөрийн 120 тооны адуу орж ирж байна.
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн Б.Дондогдоржийн 300 адуу хотын ойр хавьд байж, хориглосон бүс рүү орж гарч явдаг.
- Хандгайтад иргэн н.Хүдэрчулуун зэрэг хоёр айлын 100 гаруй адуу байнга орж ирдэг.
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч н.Жанчив 200 адуутай. Тэдгээр нь хориглосон бүс рүү ордог.
Энэ талаар “Зуслангийн бүсэд удаа дараа орж ирж буй адуу малыг эм тамгаар нь хөөж үзэхэд Дашпунцагийн Баярсайхан гэдэг хүний адуу зуслангийн бүсэд маш олон удаа орж ирж байсан.
Тэрбээр 305 адуутай. Д.Баярсайханы ах, дүү нар болох Д.Өлзийсайхан, Д.Дашцэвэг болон тэдний мал малладаг малчин, адуучин залуусын өөрсдийнх нь 400 гаруй тооны адуу бий.
Өнөөдөр дахиад зуслангийн бүсэд ороод ирсэн. Хүмүүсийн нэрлэдгээр такси Баярсайхан гэдэг хүн өөрөө гадаадад амьдардаг. Дүү нар болон малчид адууг нь малладаг юм байна. Малаа удаа дараа хориглосон бүс рүү оруулж байгаа учраас дээрх арга хэмжээг үнэгүйдүүлж байна” гэлээ.
“Малаа хориглосон бүс рүү оруулаад байвал арга хэмжээ авна”
Үргэлжлүүлэн “Хориглосон бүсээс мал хөөж гаргах, оруулахгүй байх талаар өнгөрсөн жилээс авхуулаад тэмцэж ирсэн. Энэ жилийн хувьд хуульд өөрчлөлт ороод журам шинэчлэгдэн батлагдсанаар энэ ажил цааш эрчимтэй явагдах ёстой.
Ухамсар дорой иргэд дахин дахин малаа оруулж ирж, Улаанбаатар хотын хориглосон бүсэд амьдарч байгаа оршин суугчдад хүндрэл учруулж байна. Үүнийг мал бүхий иргэд ойлгоосой. Малаа хориглосон бүс рүү оруулах болгонд та бүхэнд арга хэмжээ авах болохыг анхааруулъя.
Манай дүүрэг, хорооныхон болон цагдаагийн байгууллагынхан нэр дурдаж байгаа хүмүүсийн малыг тамга, зүсээр нь бүртгэж авсан. Хэдэн удаа яаж орж ирсэн нь хүртэл тэмдэглэгээтэй байдаг.
Эдгээр олон тооны адуу хориглосон бүс рүү орж ирж нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа учраас цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч байна.
Өөрсдийн ухаан ухамсраараа хууль, дүрэм журмаа хэрэгжүүлэн дагаад хориглосон бүс рүү малаа оруулахгүй байх хэрэгтэй. Та бүгд дахин оруулахгүй байх гэдэгт итгэж байна.
Түүнчлэн Д.Баярсайханы ах, дүү, хамаатан, хамаарал бүхий хүмүүс өөрсдийнх нь адуу ороод ирэхээр нэг хүн дээрээ “Бүгд манай адуу” гэж хэлээд 1,000,000 төгрөгөөр торгуулж байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл гурван айлын адуу ороод ирвэл гурван сая төгрөгөөр торгуулах байсан бол нэг хүн дээрээ манай адуу гэж хэлээд 1,000,000 төгрөгөөр торгуулаад буцаад маргааш нь оруулж ирдэг. Нүд хуурсан ийм үйлдэл гаргаад байгаа.
Хууль бус үйлдэл гаргаж байгаа хүмүүстэй тэмцэхэд иргэд дэмжээд өгөөрэй гэж уриалъя” хэмээн нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг ярилаа.