Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд өдөр бүр үйлчилгээ үзүүлж буй. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг юм. Арванхоёрдугаар сарын 25-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, өөрчлөлт оруулахаар болсон. Харин өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлтийг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -ЖАЙКА олон улсын байгууллагын 2007 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хотод суурьшин амьдарч буй нийт иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Зорчилтыг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттайгаар төлөвлөгөө гарган боловсруулж буй.