
Гуравдугаар сарын нэгнээс захиалга авч эхэлсэн үндэсний энгийн цахим гадаад паспортыг иргэдэд өнөөдрөөс олгож эхэллээ.
Манай Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын нийтийн түлхүүрийн санд 2021 онд 82 дахь орноор элссэнээр олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлал бүхий цахим гадаад паспорт ашиглах боломжтой болжээ. Одоогоор тус санд элсээд буй 90 гаруй улс орон мэдээллийн сангаа дундаа ашигладаг байна.
Цахим гадаад паспорттой иргэдийн мэдээлэл нийтийн түлхүүрийн санд байршдаг бөгөөд ингэснээр олон улсын хилийн шалган нэвтрүүлэх, гааль зэрэг газарт үүсдэг дарааллыг багасгах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хугацааг хууль бусаар сунгахыг зогсоох юм.
Төрийн далбааны улаан өнгийн кодтой адил өнгийн паспорт нь энгийн, цахим гэсэн 2 төрөл байгаа. Чиптэй цахим паспорт 48 хуудастай, гадна хавтсанд нь Монгол Улсын нэрийг эвхмэл бичгээр бичсэн, хуудас бүр нь нууцлалтайгаас гадна төрийн тахилгат хайрханууд, түүх соёлын өвүүдийг зургийг буулгажээ. Чиптэй цахим паспортыг 82500, энгийнийг нь 40000 төгрөгөөр захиалж авах боломжтой юм байна.