Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хугацааг есдүгээр сар болгож сунгасан байна. Энэ оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй гэж мэдэгдэж байсан ч цахим гэрчилгээг энэ сараас олгож эхэлсэн учир хугацааг ийнхүү сунгажээ.

Нийслэлийн нийт 161 уулзварт цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмж суурилуулсан байна. Өмнө нь хяналтын камер автомашины улсын дугаарыг хянадаг байсан бол цахим гэрчилгээ олгосноор тухайн гэрчилгээгээр хянах боломж бүрдэж, өдөрт хэчнээн машин явж байгаа бодитой тоог гаргах боломжтой. Мөн торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломж бүрдэх юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах аж. Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгслийн хувьд гааль дээр төлбөрөө төлж авна.

Улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here