Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч, говь талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.
Өнөө шөнө Баян-Өлгийн хойд хэсэг, маргааш өдөр Завхан, Булган, Дархан-Уул аймгийн нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Ховдын хойд, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэдгийг тус газраас гаргасан мэдээнд онцолжээ.
Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +10…+12 градус дулаан байна.