Хятадын археологичид Өвөрмонголын хойд хэсгийн Хөлөнбуйр хот дахь эртний булшнаас 3500 жилийн өмнө бугын ясаар хийсэн хос тэшүүр олжээ.
Өмнө нь Европт ийм олдвор олдож байсан ч энэ нь Ази дахь хамгийн эртнийх нь болж байгаа бөгөөд малтлагын явцад хос тэшүүрээс гадна ваар, ясан сум, морины толгой зэрэг бусад олдвор гарсан байна. Хос тэшүүрийг Хүрэл зэвсгийн эхэн үеийн монголчууд ашиглаж байсан гэж үзэж байна.
Тэшүүрээр гулгах спортыг 3000 орчим жилийн өмнө Финландад анх нээсэн гэж үздэг байсан бол дээрх олдвор олдсоноор тэшүүрийн спорт Европт биш Азид үүсч, мөстсөн гол, нуурууд дээгүүр тээвэрлэлт болон ан хийх зорилгоор ашиглагддаг байсан байх магадлалтай болжээ. Түүнчлэн уг олдвор нь хүн төрөлхтөний нүүдлийн загварыг судлахад маш чухал нээлт болсныг эрдэмтэд онцолж байна. Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн хэв маягийг дээрх олдворуудаас олж харж болохыг тэмдэглэжээ.