Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр мэндчилгээндээ, “Туулай жилийг монголчууд хөнгөн, уян, зөөлөн гэдэг. Туулай жил зуд турхан болж байсан түүх ховор. Тиймээс дэлгэр сайхан жил болно гэж бэлгэшээж байна. Бурханы шашинд хүний амьдрал үйлийн үрд багтдаг гэж үздэг. Шинэ жил гарна гэдэг нь хүний цаг хугацааны үргэлжлэл байгаа юм. Ийм учраас өнгөрсөн амьдралдаа сайн сайхныг бүтээж чадсан бол цаашаа тэр хэмдээ үргэлжилдэг амьдралын хуультай. “Үзэсгэлэн болгогч” хэмээн ёгтлон нэрлэсэн нь учиртай. Энэ нэрийн утгыг Цагаан лянхуа сударт “Энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж тайлбарласан байдаг юм. Цаг агаар сайхан, бороо хуртай байна гэж зурхайд тэмдэглэсэн байна. Дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст тиймдүү, харин залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна гэж энэ жилийн зурхайд дурдсан байна. Ерөнхийдөө засал номын хувьд жил орсон, харш жилтэй хүн ном уншуулж, засал хийлгэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн онцолжээ.