“Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК-иас бусад боомтоор явж буй тээврийн С зөвшөөрлийг энэ оны хоёрдугаар улирлаас цахимаар олгоно гэдгийг ЗТХЯ мэдээллээ.

Ачаа тээврийн С зөвшөөрлийг е-mongolia-д бүрэн холбосон тул хэрэглэгч, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус системээр дамжуулан авч, зөвшөөрлийг нь хэвлэн өгөх юм. Улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, улсын дугаар захиалах, дотоодын ачаа тээвэр, бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх гэсэн үндсэн үйл ажиллагааг цахимаар явуулж байгаа.

ЗТХЯ-наас энэ онд хэрэглэгчдэд хүрдэг автотээврийн салбарын бүх үйлчилгээг цахимжуулахыг зорьж байгаа бөгөөд өнгөрсөн онд мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимжуулсан. Удахгүй, шинээр тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, шилжүүлэхдээ хэн нэгэн мэргэжилтний оролцоогүй бүрэн цахимжуулна. Хүлээн авагч, өмчлөгч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүртгэлээ шинэчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, үнэмлэхээ шуудангийн хаягаар хүргүүлэн авах боломжтой болох юм. Эдгээр үйлчилгээг Autobox.mn, Autobox аппликэйшнээр дамжуулан авах бөгөөд аппликейшнийг нь хөгжүүлж байгаа аж. 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 797 мянга нь буюу  63 хувь нь техник, хяналтын үзлэгт хамрагджээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here