
Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилийг угтан “Туулай жил”-ийн дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргасан байна.
Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв.
Цаашид цувралаар гарах эдгээр дурсгалын зоосыг Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан, уламжлалт зургийн аргаар зурж бүтээж буйгаараа онцлог. Орчин үеийн Smartminting технологиор урласан “Туулай жил”-ийн дурсгалын зоос нь 1 унцын 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн, 38.61 мм хэмжээтэй, 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй. Алтан зоос нь 0.5 гр жинтэй, диаметр 11 мм, 200 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гарч байгаа юм.