Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скайрезорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг энэ сарын 11-12-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын баазад зохион байгуулна.

Монгол Улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд энэхүү наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах болон Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, Снөүбоардын тэмцээн, Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн, цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн, Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн, Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна. Мөн шүхрийн үзүүлбэр, шувуулахуйн үзүүлбэр, снөүбоардын үзүүлэх тоглолт сонирхуулж, нохой чарга, хоол унд, цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм байна.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна Өвөрмонгол, Буриад, Халимаг гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

Наадмын үеэр “Blue sky” зочид буудлаас “Скай резорт” цанын бааз чиглэлд нийтийн тээврийн автобусаар үйлчлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here