“Түмэн тэмээний баяр-2023” өвлийн наадмыг гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулахаар болжээ.
Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ санаачилгад олон нийтийн анхаарлыг хандуулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх зорилготой энэхүү баярыг анх 1999 онд Сэврэй суманд зохион байгуулж байсан түүхтэй.
Тус үйл ажиллагаанд аймгийн 15 сумын болон хил залгаа аймаг, сумын тэмээчид өргөнөөр хүрэлцэн ирж оролцдог томоохон баяр юм. Өнгөрсөн онд цар тахлын улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа зогсонги байсан ч тэмээний баярыг гадаадын 51 аялагч ирж үзжээ.