Азийн хөгжлийн банкны танилцуулсан тайлан мэдээгээр Ази, Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын салбар 2024 он гэхэд цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэж магадгүй байна.
“Азийн эдийн засгийн интеграцийн тайлан-2023”-т дурдсанаар, Ази, Номхон далайн бүс нутагт 2022 оны эхний найман сарын хугацаанд ирсэн гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 399 хувиар өссөн ч 2019 оны мөн үзүүлэлтийн ердөө 10.3 хувьтай тэнцсэн байна.
Улс орнуудаар авч үзвэл хилээ нээсэн хугацаа, дагаж мөрдөж буй эрүүл мэндийн протокол зэргээс шалтгаалан ялгаатай байгаагаас гадна Азийн аялал жуулчлалын салбарт Орос-Украины дайн сөргөөр нөлөөлж байгааг тайланд дурджээ.
Мөн шатахуун, түлшний үнэ нэмэгдэж байгаа нь нислэгийн тийз болон аялалын бусад зардлыг өсгөж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв сул байгаа нь аялал жуулчлалын салбарын сэргэлтийн эрчмийг сааруулж байгааг шинжээчид онцолсон байна.