Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна. Бүтээлийг 05 дугаар сарын 11-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 12,13,14,15,16,17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь бүтээлийн санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг  хангасан, иргэд, олон нийтийн худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах, албан контор болон үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байхаар төлөвлөх юм.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here