Налайх дүүргийн бүтээн байгуулалтай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалагтай уулзлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ажил болон хэлтсийнхээ талаар ярина уу?

-ЗДТГ-ын Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс гадагшаа чиглэсэн үйлчилгээ явуулдаг. Манай хэлтэс байгаль орчин, уул уурхай орчны бохирдол, ахуйн үйлчилгээ зэрэг 16 чиглэлийн үйл ажиллагааг иргэдэд хүргэж байна. Үйл ажиллагааныхаа хүрээнд иргэд, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрт хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг хийдэг юм.

Манай хэлтэс хамааралтай салбаруудын ажлыг дэвшилд гаргаж, ажиллаж байгаа. Эдгээрээс дурдахад, хог хаягдлын талаар иргэдийг гомдолгүй болголоо. Мөн хамгийн сүүлийн мэдээгээр агаарын бохирдлыг бууруулахад Налайх дүүрэгт сайжруулсан түлш буюу шахмал түлшний үйлдвэрийг барих гэж байна. Шахмал түлшний үйлдвэр байгуулагдсанаар Налайх дүүрэгт бичил уурхай эрхэлдэг хүмүүсийг ажлын байртай болгох боломжтой болно.

-Налайх дүүрэг маань үйлдвэрийн тусгай бүстэй, мөн БМҮТПарктай болж байна. Энэ паркаас гадна үйлдвэрийн бүсэд баригдаж байгаа үйлдвэрүүд Налайх дүүргийн хөгжилд болон ажил олгогчдод хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдэд дэвшилтэт технологи хэрэглэх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байна. Мэдээж, олон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа үйлдвэрүүд Налайх дүүргийн ард иргэдээс ажиллах хүчнээ сургаж бэлтгэхэд анхаарч, хамтран ажиллаж байгаа. Налайх дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэр нь шинэ технологийг нэвтрүүлж, дүүргийн мах нядлах газруудаас гардаг хаягдлыг боловсруулдаг ажил зэргийг хооронд нь холбоо тогтоож байна.

-Налайх бол үйлдвэрийн бүс болох дүр зураг харагдаж байна. Энэ том ажлаас гадна экологийн буюу таримал бүтээгдэхүүн, мод бут болон агаар цэвэршүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Мод үржүүлгийн хувийн нэг байгууллага ажиллаж байгаа. Манай дүүрэг цэцэрлэгжүүлэлтийн албатай. Энэ алба дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд мод үржүүлдэг. 2015 оноос хойш ногоон байгууламжийг жил бүр 10-29,7 хувиар нэмэгдүүлж байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах төдийгүй хотын өнгө үзэмжинд нөлөө үзүүлж байгаа. Үүнээс гадна дүүрэгт 1 яндан 5 мод аяныг хэрэгжүүлж байна.

Бид Налайх дүүргийг өнгө үзэмжтэй, тайван, тавтай орчинтой байлгахын тулд ихэд анхаарч, жишиг гудамжтай болгохыг зорьж байна. Жишээ нь, тэр гудамжны хашаа бүр модтой, гудамжиндаа бас модтой байхаар 2020 оны төлөвлөгөөндөө тусгахаар ажиллаж байна. Эдгээр төслүүд нь Эко Налайх төслийн хүрээнд хийгдэж байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 12-15.jpg

Түүнчлэн нэг хот стандарт аяны хүрээнд махны үйлдвэрүүдийг нэг стандартай болгож байна. Дүүрэгт улсад үнэлэгдэхүйц резиний үйлдвэр байгууллагдсан. Эдгээр үйлдвэрүүд бүгд стандартын дагуу технологитой явагдаж байгааг хэлмээр байна.

Харин агаарын бохирдол Налайх дүүрэгт ихтэй байгаа. Нийслэлийн Агаарын чанарын газраас гурван удаа агаарын чанарыг шалгаж ажилласан. Шахмал түлшний үйлдвэр суурьшлын бүсээс хол байна. Ирэх 8 сард үйлдвэр ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн.

Бидний ажлын хүрээнд байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна. 42,2 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж, 6000 мод тарьсан. 2019 онд 7,5 га газарт нөхөн сэргээлт хийсэн байгаа. Нөхөн сэргээлтийг нийслэлийн төсвөөс гадна дүүрэг, орон нутаг, уурхайчид,  нөхөрлөл хоршооны хамтарсан багийхан маань хамтран хийж байна.

-Баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Бид нэг хот нэг стандарт аяныг мөрдүүлэх зорилготой анхааран, төр хувийн хэвшлийг холбон ажиллах болно.

Ярилцсан www.tuuchee.mn/Түүчээ.мн

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here