Хөл хорио тогтоосон энэ үед хүүхдүүд гэрээс гарах боломжгүй ч өөрсдийгөө хөгжүүлэх, бие даан шинэ зүйл хийж сурах, мэдлэгээ нэмэгдүүлэх зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх бүрэн боломжтой билээ. 

Теле хичээлээ үзэж, багшаас өгсөн даалгавраа хийхийн зэрэгцээ хүүхдүүд гэрээ цэвэрлэж, хоол хийж сурах, ном унших, бичлэг үзэж шоо эвлүүлж сурах, хөгжмийн зэмсэг тоглож сурах гэх мэтчилэн өөрсдийн сонирхлын дагуу юу  ч сурч болно.

Эцэг эхчүүд ч утас, зурагтаа түр орхиод хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, тэдэндээ шинэ зүйл хийж сурахад нь тусалж, хөл хорионы энэ хэсэг хугацааг хөгжих боломж гэж эергээр харахыг хүсэж байна.

Эцэг эх, хүүхдүүд та бүхэн дараах нийтлэлээс санаа авч, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зөвлөж байна.

1. Ном унших

Хөл хорио гэлтгүй эцэг эхчүүд аль болох хүүхдүүддээ ном уншиж өгөх, тэдэндээ насанд нь тохирсон сонирхолтой ном зохиол авч өгөх, өөрсдөөр нь сонгуулж уншуулахыг зөвлөж байна.

Хүүхэдтэйгээ ном унших тухай дэлгэрэнгүй зөвлөгөөг ЭНД дарж уншина уу.

2. Шатар даам хамт тоглох

Шатар даам тоглох нь хүүхдийг суулгаж сургах, сэтгэн бодох чадвар сайжруулах, анхаарлын төвлөрлийг тогтворжуулах давуу талтай. Мөн шатар даамыг хоёроос дээш хүн тоглодог учраас гэр бүлд эерэг харилцаа өрнөх ач холбогдолтой юм. 

3. Рубик шоо, могой эвлүүлж сурах

Хэрвээ таны хүүхэд рубик шоо эвлүүлэх сонирхолтой ч учрыг нь нэг л олохгүй байгаа бол YouTube-т тавьсан монгол хэл дээрх заавар бүхий бичлэгүүдийг үзүүлээрэй. Нэгэнт эвлүүлээд сурчихвал хүүхдийн сонирхлыг эрхгүй татдаг бөгөөд ямар нэг асуудлыг шийдчихсэн мэт мэдрэмжийг өгдөг учраас өөр өөр хэлбэртэй шоо дүрсийг эвлүүлэх эрмэлзэлтэй болдог. Шоо эвлүүлснээр IQ-гийн түвшин нэмэгдэж, төлөвлөх, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг сайжруулах, гарын булчингуудыг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай.

4. Юм нэхэх, юм оёж сургах

Ээж, эмээ нь зааж өгөх боломжгүй бол ороолт, оймс, цэцгэн чимэглэл гэх мэт энгийн хялбар зүйл нэхэх аргыг бие дааж YouTube-ээр эсвэл гарын авлагаас сурах боломжтой. Youtube-т “нэхэх” гээд хайлт хийхэд л монголоор болон бусад хэлээр хангалттай их мэдээлэл, заавар, зөвлөгөө олох боломжтой юм. Харин эцэг эх нь хүүхдийнхээ сонирхлыг дэмжээд гарын авлага, зориулалтын зүү утас, даавуу материал авч өгөөрэй.

5. Хоол хийхийг заах 

Хоол хийж сурах нь хүүхдэд олон талын ач холбогдолтой ажээ. Ногоо жимс арилгаж, угааж цэвэрлэх, бууз банш чимхэхэд гарын жижиг булчингууд хөгжинө. Хоолоо чимэглэх, төрөл бүрийн хэлбэртэй жигнэмэг хийснээр хүүхдийн ургуулан бодох чадвар сайжирч, жорын дагуу хийснээр аливааг нарийн зөв гүйцэтгэх, бие даах чадварт суралцуулдаг байна. Мөн гэрийнхэнтэйгээ хамт хоол хийх нь гэр бүлд эерэг уур амьсгал бүрдүүлдэг давуу талтай. Гэхдээ мэдээж хүүхдийнхээ аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж, гар хуруугаа зүсэж гэмтээх, түлэгдэх зэрэг аюулаас урьдчилан сэргийлж хуванцар хутга, модон хутгуур зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Хүүхэд гурилан зуурмагаар жигнэмэг хийх, төмс нухах, хөнгөн зууш хэрчиж бэлдэн танд туслахдаа дуртай байх болно.

Maamuu.mn сайтын хоолны жор булангаас зарим хоол хийх зааварчилгааг үзээрэй.

6. Шүлэг, зүйр цэцэн үг чээжлүүлэх

Аав ээжүүд хоолоо хийж, гэрээ цэвэрлэж байхдаа ч хүүхдэдээ шинэ шүлэг чээжлүүлж, өөрийн болон хүүхдийнхээ ой тогтоолтыг сайжруулах боломжтой. Нэгэнт хүүхэд тань хичээлдээ явж чадахгүй байгаа тул багадаа уншиж байсан шүлэг, ардын сайхан цэцэн үг, ертөнцийн гурвыг хүүхдүүддээ чээжлүүлж, утга учрыг нь ярилцан, магадгүй хамтдаа шинээр ч зохиож болно шүү дээ.

7.Монгол наадгай, шагайн төрлийн тоглоомуудыг хамт тоглох

Орчин цагт гэртээ шагай цуглуулж, хүүхдүүдээ тоглуулдаг айл ховордож байна. Гэвч монгол түмний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тоглоом наадгайгаа үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, тэдэндээ зааж сургах нь нэн чухал билээ. Шагайгаар тоглох нь гэр бүлд хөгжилтэй уур амьсгал бүрдүүлэхийн зэрэгцээ хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх, авхаалж самбаатай болгох, анхаарал төвлөрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. 

8. Өдрийн тэмдэглэл хөтлөх 

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах, бичих ур чадвараа сайжруулах, зөв найруулан бичих дадлыг олгодгоороо давуу талтай. Ялангуяа хүүхдэдээ тухайн өдөр хийсэн таван эерэг зүйл, таван амжилт, бүтэлгүйтэл, хүсэл, зорилго, баяр гунигаа бичиж байхыг даалгавал хүүхэд өөрийгөө олох, нээх, өөртөө итгэлтэй болох давуу талтай ажээ. Эхэндээ тавыг бичих хэцүү байдаг ч өдөр тутам бичсэнээр өөртөө дүгнэлт хийх чадвартай болдог байна.

9. Бие даан хөгжим тоглож сурах

Хөгжим тоглож сурах нь хүүхдийн авьяасыг нээж, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхийн зэрэгцээ гарын жижиг булчингуудыг ажиллуулж, оюун ухаан тэлэх ач холбогдолтой. Гэртээ гитар, бишгүүр, төгөлдөр хуур гээд ямар ч хөгжмийн зэмсэгтэй бай интернэт эсвэл гарын авлага ашиглан бие дааж  олон гоё бүтээл тоглож сурах нь асуудал биш болжээ.

10. Зураг зурах, шигтгээн наамал хийх

Аливаад бүтээлчээр хандах, зурах, наах сонирхолтой бол хүүхдүүддээ зургийн дэвтэр өнгийн цаас, хайч, цавуу харандааг нь бэлдэж өгөөд хамтдаа бүтээлүүд урлаарай. Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг сонсож өдөр бүр өөр шинэ зүйл сурч хамтдаа хийхийг эрмэлзээрэй.

13. Гадаад хэлээ давтах

Хөл хорионы энэ үеийг үр бүтээлгүй өнгөрүүлж хэрхэвч болохгүй. Гадаад хэлээ сайжруулж үгэн карт цээжилж, гадаад хэлээр ном уншиж, кино үзэж, зохион бичлэг бичин хэлээ сайжруулах маш сайхан боломж гэж хараарай.

14. Гэрийн ажилд туслах

Мэдээж өөрийгөө хөгжүүлэхийн хажуугаар хүүхэд амьдрах ухаанд суралцах нь зүйтэй. Амьдрах ухаан гэхээр том зүйл бодох хэрэггүй. Юм багаас эхэлдэг. Тухайлбал, оймс, амны хаалт зэргийг өөрөөр нь угаалгах, хувцсаа индүүдэх, өдөр тутам чийгтэй цэвэрлэгээ хийх, тоосоо соруулах зэрэг насанд нь тохирсон ажлыг хүүхдээрээ хийлгүүлснээр хүүхэд тань ажил хөдөлмөрт бага багаар суралцах болно.

http://gogo.mn/А.НАРАНЦАЦРАЛ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here