Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журам, Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай, Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ төлөвлөгөө боловсруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журмын танилцуулгыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ.
Есөн заалт бүхий энэхүү журамд зогсоолын төлөвлөлт, хөдөлгөөн зохион байгуулалт зэрэг асуудлуудыг багтаажээ. Журам батлагдсанаар Улаанбаатар хотын зогсоолын сэлгэлт нэмэгдэж, машин ачих, зөөн шилжүүлэх явдал буурч, тэр хэрээр замын хөдөлгөөний эрчим сайжирна гэж төлөвлөжээ. Харин хотын Захирагч С.Амарсайхан болон Зөвлөлийн гишүүдийн зүгээс тус журмыг илүү боловсронгуй болгох, нарийвчлан боловсруулах ёстой гэж үзээд дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа. Үүний дараагаар Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Хан-Уул дүүрэгт ажиллах үеэр 1948 онд баригдсан, өдгөө 72 жил болж байгаа Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөг нүүлгэх асуудал хөндөгдсөнтэй газар дээр нь очиж танилцаад, энэхүү түүхэн дурсгалыг тухайн байршилд нь үлдээж, харин эргэн тойронд олгогдсон газар олголтыг цуцлах шийдвэр гаргасан. Хотын удирдлагын зүгээс хөшөөг нүүлгэх бус, харин ч сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтад нь анхаарал хандуулахыг чухалчилж байгаа юм.
Үүнээс гадна “Цагаан морин жил” хэмээх шигтгэмэл урлалын бүтээлийг буулгажн агуулахад хадгалж буйг дахин сэргээн засварлаж, хуучин байранд нь аваачихын зэрэгцээ хадгалалт хамгаалалтыг онцгой анхаарах ёстой гэж Зөвлөлийн гишүүд үзээд, буцаан байршуулах цаг хугацааг тодорхой зааж өгөх ёстойг илэрхийллээ. Дараа нь Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Төлөвлөгөөний танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийлээ.
Тэрбээр танилцуулгадаа энэхүү төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлснээр орон сууцны айл өрхийн дулаан алдагдал буурахаас эхлээд орчны бохирдол буурах олон талын ач холбогдолтойг онцоллоо. Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөнд Гэр хороолол дахь амины орон сууц, Нийтийн эзэмшлийн орон сууц, Олон нийтийн зориулалттай шинэ барилга байгууламж зэргийг багтжээ.
Эдгээр 4 төрлийн барилга байгууламж тус бүр дээр эрчим хүч хэмнэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд нэгдсэн төлөвлөгөөг энэ оны дөрөвдүгээр улиралд багтааж нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаа аж.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй, харилцах хэлтэс