Оросуудын хамгийн их аялдаг орны жагсаалтын гуравдугаарт Герман улс багтах боллоо хэмээн газрын зургийн үйлчилгээ, анализаар дагнадаг Maps.me портал мэдээллээ. Тус порталын мэдээгээр өнгөрсөн 2019 оны тоон үзүүлэлтээр оросуудын хамгийн их аялсан чиглэлийн эхэнд Турк, дараа нь Итали, тэгээд Герман улс орсон байна.

Maps.me энэ үзүүлэлтээ газрын зургийн хайлтыг апп-ыг ашигласан хүний тоогоор гаргажээ. Уг судалгаагаар оросууд өнгөрсөн зун хамгийн удаан хугацаагаар Туркэд, тэр дотроо Газар дундын тэнгисийн эрэг хавиар өнгөрөөжээ. Харин Италид очсон оросуудын дийлэнх нь нийслэл Ром хот байдаг Лацио хавиар амарчээ. Германд аялсан оросуудын олонх нь мөн нийслэл Берлин хавиар байсан байна.

Өнгөрсөн жилийн жагсаалтаар гуравдугаар байрыг Польш эзэлж байсан бөгөөд энэ жил Германд байраа тавьж өгөн дөрөв рүү ухарчээ. Жагсаалтын таваас хойш Испани, Чех, Франц, Тайланд, Гүрж, Литва улсууд эхний 10-т байгаа юм.

Maps.me үйлчилгээ 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2014 онд энэ үйлчилгээг Mail.Ru Group худалдан авсан байна. Maps.me үйлчилгээг өнөөдөр дэлхий даяар 120 гаруй сая хүн хэрэглэж байгаагийн 13 орчим нь оросууд ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ, https://news.mn/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here