Монголын мэргэжлийн уран бүтээлч П.Оюунбаяр болон эмэгтэй зураачид өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд ОХУ-ын Якутскын уран зургийн Өргөл арт галерейд Моя монголия нэртэй үзэсгэлэнгээ амжилттай гаргажээ.

Якутск хотноо Монгол-Сахагийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Б.Амаржаргал тэргүүтэй уран бүтээлчид 12 өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд оролцов. Монголын багт явсан нэртэй тогооч Э.Сумьяадорж “Улс үндэсний гал тогоо” нэртэй олон улсын хоолны фестивальд оролцсон байна.

Түүнчлэн “Өргөл” арт-галерейд Монголын гурван зураачийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэв. Үзэсгэлэнд зураач П.Оюунбаяр, н.Болормаа, н.Гарамханд нарын бүтээлүүд тавигджээ.

Үзэсгэлэнг сонирхохоор Якутскын Соёлын яамны сайд, Дүрслэх урлагийн салбарын дарга, уран бүтээлчид болон олон түмэн хүрэлцэн ирж, монголын уран бүтээлчдэд баяр хүргэн уран бүтээлийн хамтын ажиллагаанд амжилт хүссэн байна.

Харин уран бүтээлч П.Оюунбаяр нь 1984 оноос хойш одоог хүртэл дүрслэх урлагийн салбарт уран зургаа зурж, бүтээлээ амжилттай туурвиж байна. Тэрээр 1984-2000 онуудад Орос, Хятад, Япон, Франц, Норвеги, Африк, Голланд, Малайз, Турк, Итали болон Америкийн Кенни хотод уран бүтээлч нөхөртэйгээ үзэсгэлэнд оролцож байв.

Зураач П.Оюунбаяр “Цэцэг”, “Мандарваа”, “Намар”, “Цэцгийн тал” зэрэг сэдэвт бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн он жилүүдэд гаргасан билээ.

Мөн 2015 онд БНХАУ-ын Шанхай хотын олон улсын үзэсгэлэнд оролцож, тусгай байр болон хоёрдугаар байрын шагнал хүртэж байжээ. 2017 оны долоодугаар сарын 29-ны өдөр “Дэлгэрэх” хэмээх цэцгийн бие даасан бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан.

Б.БАЯРМАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here