Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу Капитал банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах учиртай.

Ингэснээр хамгийн түрүүнд харилцах, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлэн төлжээ. Дийлэнх иргэн, ААН-ийг хохиролгүй болгосон талаар бид өчигдөр мэдээлсэн. Одоо томоохон хадгаламж эзэмшигч 34 хүн л үлджээ. Тэдний 11 нь банкны холбоотой этгээдүүд юм. Иймд хяналт шалгалт явуулж байгаа гэж Монголбанкнаас томилсон Эрх хүлээн авах зөвлөл өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.        

Банкны тухай хуульд заасан дарааллаар

  • Харилцах, хадгаламж эзэмшигчдийн дараа ажиллагсдын цалин,
  • Монголбанкны авлага
  • Засгийн газрын өр төлбөрийг барагдуулна.

Ипотекийн зээлийн эргэн төлөлт, төлбөр тооцооны саатал зэргийн улмаас Монолбанк “Капитал” ХХК-аас 71 тэрбум төгрөгийн авлагатай болжээ. Энэ мөнгийг барагдуулсны дараа л Засгийн газрын байгууллагууд болох Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газруудын мөнгийг (хэзээ нь тодорхойгүй) олгоно гэж Эрх хүлээн авагч зөвлөл үзэж байна.  Учир нь эдгээр байгууллагын удирдлагыг УИХ-ын сонгуулийн дараа эрх баригч намаас томилдог.

Мөн ажлын тайлангаа Засгийн газар, УИХ-д тайлагнадаг. Иймд Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрууд бол Засгийн газрын байгууллагууд гэж Эрх хүлээн авагч М.Адилбиш тайлбарлав. Харин 240 тэрбум төгрөгөө алдчихсан даатгалын сангууд энэ тайлбартай санал нийлэхгүй байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газар шүүхэд хандан, дээрх дараалалд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлээ гаргажээ. Тэд иргэдийн төлсөн даатгалын мөнгийг Капитал банканд хадгаламж болгон байршуулсан тул хадгаламж эзэмшигчийн хувиар хамгийн түрүүнд хохирлоо  барагдуулах эрхтэй гэсэн юм.

КАПИТАЛ БАНКАНД ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ АЛДСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

  • Эрүүл мэндийн даатгалын газар 136 тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар 104 тэрбум төгрөг
  • Хөгжлийн банк 56.4 тэрбум төгрөг
  • ЖДҮХС 42 тэрбум төгрөг
  • Сангийн яам 16.8 тэрбум төгрөг
  • АШУҮИС тэрбум төгрөг
  • Нийслэлийн ЖДҮХС 3.7 тэрбум төгрөг
  • Нийслэлийн  хөрөнгө оруулалтын газар 1.9 тэрбум төгрөг
  • ТЕГ 1.5 тэрбум төгрөгийн авлагатай    
  • МУБИС 2.2 тэрбум төгрөг
  • Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 15 сая төгрөг

КАПИТАЛ БАНКНЫ ХӨРӨНГИЙГ ХЭДЭН ТЭРБУМААР ҮНЭЛЭВ?

“Капитал” компанийн санхүүгийн тайланд бүртгэлтэй, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн компаниудаар үнэлүүлжээ.  Хөрөнгийг гурван багцад хуваан, нийт 12 517 ширхэг 205 тэрбум төгрөгийн үлдэх өртөг бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, биет бус хөрөнгийг үнэлжээ. Ингэхэд 27 хувь буюу 56 тэрбум төгрөгөөр үнэ цэнэ нь буурч, нийт 149 тэрбум төгрөгөөр буурчээ.   

Эдгээрээс 3660 ширхэг хөрөнгийг 1.4 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Мөн компьютер, ширээ сандал, буйдан зэрэг 330 сая төгрөгийн эд хогшил борлуулжээ.

1568 ИРГЭН 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖАА АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ

Эрх хүлээн авах зөвлөл 354 26 харилцагч иргэн, байгууллагын даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрт 44 тэрбум төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ эдгээр харилцагч, байгууллага тус бүрээс нэхэмжлэл хүлээн авч баталгаажуулсны дараа мөнгийг нь шилжүүлсэн.

2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос зургадугаар сарын 20-ны хооронд нэхэмжлэл хүлээн авна хэмээн олон нийтэд мэдээлсэн юм. Гэвч гадаадад амьдардаг, мэдээллээс хоцорсон, нас барсан зэрэг шалтгаанаар 1568 хадгаламж, харилцах данс эзэмшигч одоог хүртэл мөнгөө аваагүй байна. Жишээ нь нэг иргэн 139 сая төгрөгийн хадгаламжтай байгаа бол хамгийн өндөр үнэтэй байгууллагын хадгаламж 39 сая төгрөг байна.

Эдгээр иргэн, ААН шүүхэд хандсанаар мөнгөө авах боломжтой.  

http://gogo.mn/ Б.ЧИМЭГ  

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here