Тайландын эмч нар коронавирусийн халдвар авсан 71 настай хятад эмэгтэйг эмчилж чаджээ. Энэ тухай тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр зарласан байна.   

“Өвчтөнд тусгай эмчилгээ хийж эхэлснээс хойш 48 цагийн дараа шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж эмч нарын ахлагч Криенсак Аттипорнванич хэвлэлийн хурлын үеэр ярьжээ. Тэд томуугийн эсрэг “oseltamivir” эмийг ДОХ-ын эмчилгээнд ашигладаг “lopinavir”, “ritonavir” эмүүдтэй хольж найруулсан коктейлийг өвчтөнд уулгасан байна. 

Тайландын эрүүл мэндийн яам одоо шинэ эмнийхээ лабораторийн шинжилгээний үр дүнг хүлээж байгаа гэнэ. Хэдийгээр эмчилгээний үр дүн сайн гарсан хэдий ч илүү их судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай юм байна. Гагцхүү эмчилгээ хүн бүрд таарах эсэх нь тодорхойгүй.    

Одоогоор Тайландад коронавирусийн халдварын 19 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 8 хүн эдгэрсэн бол, үлдсэн 11 нь эмчилгээ хийлгэж байгаа аж.

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өнөөдрийн /2020.02.02/ байдлаар 17205 болж, нас барсан хүмүүсийн тоо 361 болж нэмэгдээд байна.

Эх сурвалж: Business insider  http://gogo.mn/, Э.ОНОН

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here