“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ронген Архитектор компанитай “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах 9 байршилд барих “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийн ажилд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад пассив орон сууцны стандартыг нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Пассив орон сууцны халаалтын систем нь нарны илчийг ашиглахаас гадна тухай байшинд хэрэглэгдэж байгаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон дотор нь ажиллаж, амьдарч байгаа хүний биеэс ялгарч байгаа дулааныг барьж авч ашигладгаараа онцлогтой юм. Ингэж сэргээгдэх эрчим хүч болон байшинг ашиглах явцад үүсч байгаа дулааныг алдалгүй барьж ашигласнаараа эдийн засгийн асар хэмнэлттэй төдийгүй уламжлалт технологитой байшинтай харьцуулбал агаарт бохирдол цацдаггүй, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй, цаг уурын өөрчлөлтийг бууруулах зэрэг маш олон эерэг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Тус стандартыг БНХАУ, Зүүн Европын улс орнууд барилгын салбартаа амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Уур амьсгалын хувьд ижил төстэй Оросын холбооны улс барилгын салбартаа тус стандартыг нэвтрүүлснээр нэг квадрат метр талбайд 1 жилд 800 квт цахилгаан зарцуулж байгаа нь уламжлалт барилгын технологитой харьцуулахад 53 дахин бага хэрэглээ юм.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Германы Ронген Архитектор компанитай ПАССИВ барилгын технологи стандартыг Монгол улсад нэвтрүүлэхэд хэр тохиромжтой талаар судалгааны ажлыг зохион байгуулахад уур амьсгалын хувьд нэн тохиромжтой гэж үзсэн байна.

Санамж бичгийн хүрээнд Ронген Архитектор компани нь “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн техникийн шийдэл гаргах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж “НОСК” ХК-иас санал болгосон байршилд орон сууц болон дагалдах барилга байгууламжуудад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг ХБНГУ-ын хөрөнгөөр барих асуудлыг шийдвэрлэх, зураг төсөл боловсруулахаас түлхүүр хүлээлгэн өгөх зарчмаар пассив хаусны стандартаар барьж гүйцэтгэх юм.

https://www.ugluu.mn/402572.html

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here