Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон автогаз түгээх цэг байрлаж байна. Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгааг Онцгой комиссын хуралд танилцууллаа. Энэ асуудлаар Улсын онцгой комиссоос тусгай ажлын хэсэг байгуулагдахаар боллоо.

Л. Энх-Амгалан: Газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн байгууллага нь ч тэр, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд ч тэр хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг,хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдлээ хардаг баймаар байна шүү. Холбогдох яамдад өнгөрсөн хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана.

С. Амарсайхан: Гал команд, түргэний машин орох боломжгүй гудамж, замууд Улаанбаатарт зөндөө байна. Стандартаа мөрдөж, аюулгүй байдлаа хангахыг албан тушаалтнуудаас, эргэн тойрноосоо, СӨХ-оосоо шаардъя. Ядаж орц, гарцаа гаргацгаая.

Галын аюулгүйн норм Монгол улсын барилгын норм ба дүрэмд “Газар доор байрлах шатахуун түгээх станцын аюулгүйн зай нь барилга байгууламжаас 15-25м-ийн зайд байна” хэмээн заасан байдаг. /Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралт/ Монгол Улсын стандартад “Аюулгүйн зай гэдэг нь галын аюул болон бусад аюул дамжихаас сэргийлэх, ослын үед барилга байгууламж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор эрхийн актаар тогтоон мөрдүүлж буй ШТС-ын барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдийн хооронд болон тэдгээрээс бусад барилга байгууламж байгалийн тогтоц хүртэлх аюулгүйн хамгийн бага зай гэнэ” хэмээн заасан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here