Нийслэлийн 9 дүүргийн 431 цэгт нөөцийн мах худалдаж эхэллээ. ХХААХҮЯ-наас нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулахаар 12 бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн байна.
Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон бөгөөд дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ногдож байгаа аж. Борлуулалтын цэгийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж, татварын цахим системд холбогдсон эсэхийг харгалзжээ. Нөөцийн махны 30 хувь нь үхрийн, 65 хувь нь хонины, 5 хувь нь ямааны мах байна.
ХХААХҮЯ нөөцийн махны үнийг тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөгийн үнэтэй байна.