Өмнөд Солонгосын хамгийн том компани Самсунг ирэх 20 жилийн хугацаанд эх орондоо хагас дамжуулагч үйлдвэрлэлийн мега кластер байгуулахад 300 их наяд воны ($230 тэрбум) хөрөнгө оруулахаар болсноо зарлажээ.
Энэ төлөвлөгөөний хүрээнд таван үйлдвэр байгуулах юм байна. Самсунг Электроникс нь санах ой, ухаалаг гар утас, зурагтын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Өмнөд Солонгосын засгийн газар өндөр технологийн салбарт хөрөнгө оруулах компаниудад татварын хөнгөлөлт, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр зарлаад байгаа.
“Энэхүү мега кластер нь манай улсын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн экосистемийн хөрс суурь болох юм” гэж тус улсын Худалдаа, Үйлдвэрлэл, Эрчим хүчний яамнаас мэдээлжээ. Уг мэдэгдэлд өгүүлснээр Өмнөд Солонгосын эрх баригчид нийтдээ 550 их наяд воны хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийнхнээр гаргуулах зорилготой байгаа гэнэ. Үүний ихэнх хэсгийг ийнхүү Самсунг гаргахаар болжээ.
Гар утаснаас эхлээд цэргийн зэвсэг техникт хүртэл ашиглагддаг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбар өнөөдөр АНУ-Хятадын өрсөлдөөний гол талбар болоод байгаа.
Өнгөрсөн оны аравдугаар сард Вашингтоны эрх баригчид АНУ-ын технологийг ашиглаж үйлдвэрлэсэн хагас дамжуулагч эд ангийг Хятадад нийлүүлэх бол дэлхийн хаана үйлдвэрлэснээс үл хамааран зөвшөөрөл авах ёстой болсныг зарласан юм. Өнгөрсөн долоо хоногт Нидерланд улс үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс орчин үеийн хагас дамжуулагчийн технологийн экспортод хяналт тавих болсноо зарлажээ.