Монголын Үндэсний бөхийн холбооноос тус холбооны дүрмийн 5.5.1 заалтын дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Монгол үндэсний бөхөөр хичээллэх хүүхэд залуучууд, бөхчүүдэд соён гэгээрэл, жудаг, уламжлалыг таниулах, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцож ажиллах юм. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу, Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар, Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин, Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар, ХУД-ийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням, Спортын сэтгүүлч Н.Тамир, Дуучин, МУСТА Х.Батмэнд, Монгол улсын харцага Д.Батболд нар болон дүрмийн дагуу тус зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулах үүрэгтэй МҮБХ-ны Тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.
МҮБХ-ны ЁЗСХ-ын Зөвлөл нь бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, бөхийн жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүрэгтэй.