Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор байгуулах дүүжин тээврийн эхний маршрутын барилга угсралтын ажлыг 2024 он гэхэд дуусгана хэмээн албаны хүн мэдээллээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзоригийн хэлснээр нийслэлийн удирдлага өнгөрсөн нэгдүгээр сард гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзаж, зураг төсөл зэрэг асуудлууд дээр тохирчээ. Удахгүй тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг тохирч, зураг төслийн ажлыг ирэх зургадугаар сард дуусган барилга угсралтын ажлыг  энэ оны найм, есдүгээр сард багтаан эхлүүлэх аж. Яармагаас Сонгинохайрхан дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Хархорин зах руу чиглэлсэн 4.2 км урттай, хоёр буудалтай, 1 цагт 1200-1500 хүн тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээврийн эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Баянхошуу- Ханын материал- 3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийн хоёрдугаар чиглэлийг 2026 онд дуусгах юм байна.

Дүүжин тээврийг байгуулах зорилгоор 60.5 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл хэрэгжих бөгөөд Зээлийн хэлэлцээрийг 2020 онд УИХ-аар соёрхон баталсан ч Covid-19-ийн нөхцөл байдал, трассын чиглэлд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага зэргээс болж, барилга угсралтын ажил хойшилжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here