Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Тус багийнхан нарийн түвэгтэй энэ мэс заслыг анх 2006 онд Монголд эхлүүлснээс хойш залуу эмч, мэргэжилтнүүдээр хүч сэлбэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. 300 дахь хагалгаанд орсон 34 настай эрэгтэйд төрсөн эмэгтэй дүү нь донор болсон бөгөөд донор болон өвчтөний бие сайжирч удахгүй эмнэлгээс гарна хэмээн тус эмнэлгээс мэдээлжээ.

Аливаа улс оронд эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар, мэс засал, эмчилгээ нь маш өндөр өртгөөр хийгддэг. Харин манай улсын хувьд ЭМДЕГ-аас тодорхой үнэлгээг хийлгээд иргэддээ энэ төрлийн мэс заслыг харьцангуй хямд өртгөөр хийж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг ЭМД-аас тодорхой хувиар хөнгөлж, даатгуулагч 25 хувийг, ЭМД-ийн сангаас үлдсэн 75 хувийг төлдөг. Хэрэв даатгуулагч нь группт юм уу, өндөр насны тэтгэвэрт гарсан буюу улсаас даатгал нь төлөгддөг хүн байвал 100 хувь ЭМД-ын сангаас буюу улсаас үнэ төлбөргүй хийдэг байна. Өнөөдрийн байдлаар манай улсад бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 483 өвчтөн байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here