Манай улсын эрдэмтэн судлаачид, Прагийн Амьтны хүрээлэнтэй хамтран Монгол Улсын зүүн хэсэгт тахь нутагшуулах цэг сонгох ажлыг амжилттай дуусгажээ.

Урьдчилан сонгосон цэгт зайнаас тандах судлал хийснээс гадна жилийн улирал бүрт газар дээр нь очиж ургамал, амьтан, шавж, шимэгч зэргийг хамруулсан олон талын судалгаа шинжилгээ хийсний эцэст Дорнод аймгийн Халхгол сумын нутагт оршдог Сүмийн хоолой гэдэг газрыг сонгож авсан байна. 1700 км2 орчим талбайтай энэ газрын ихэнх хэсэг нь Нөмрөг ДЦГ-ын нутагт багтдаг, өвсний гарц сайн, газрын гадаргын байдал тогтоц сайтай нутаг ажээ.

Сүмийн хоолой нь Говийн Их ДЦГ-ын Б хэсэг, Хустайн БЦГ, Хомын талын БЦГ-ын дараа тахь нутагшуулах дөрөв дэх газар болох боловч Монгол орны зүүн хэсэгт оршдогоороо онцлогтой.

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох бусад байгууллагууд хамтран “Дорны тахь” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд Европ болон Монгол Улс дахь тахь идээшин, нутагшиж буй бусад газраас тахийг Сүмийн хоолойд 2026 оны зун тээвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here