
2023-2024 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн мэдээллээр ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 06-ны 10:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусах юм байна. Мөн монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг.
Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх бөгөөд бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байх юм. Үүнд:
-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (Иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)
-Өнгөт цээж зураг (Цээж зураг нь 3х4 хэмжээтэй. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил, малгайгүй байна)
-Бүх банкны интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
-Шалгуулагч бүр зөвхөн өөрийн И-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн сурагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодохойлолт зэрэг холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
ЭЕШ-ыг улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд хөдөө орон нутагт 23, Улаанбаатар хотод 26 байх юм.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсын дараа БҮТ-өөс тухайн үед зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан, “Суудлын хуваарь”-аа www.eec.mn, www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авах юм байна.



