
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсын баг түрүүлж, “Дэлхийн аварга баг” болсон байна.
БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас онлайн хэлбэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-18-нд зохион байгуулж, Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос тэмцээний нэгдсэн дүнг энэ сарын 21-нд албан ёсоор зарлахад манай улсын баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор түрүүлжээ.
Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор Олон улсын Их мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга болжээ. Мөн Ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчдаас хамгийн өндөр оноог авснаар 2022 оны Ой тогтоолтын дэлхийн аваргаар Олон улсын Их мастер Т.Тэнүүн тодорчээ.