Дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг озоны давхарга нөхөгдөх төлөвтэй байгаа талаар судлаачид мэдэгджээ.

Озоны давхаргыг задалдаг бодисыг үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглох тухай Монреалийн протокол 1987 онд батлагдсанаас хойш дөрвөн жил тутамд озоны давхаргын нөхөгдөх явцын тухай шинжлэх ухааны үнэлгээ дүгнэлтийг гаргасаар иржээ. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар озоны давхарга аажмаар нөхөгдөж байгаа тул тодорхой хугацаа шаардлагатай. Иймд дэлхий нийт одоогийн бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл энэ давхарга 2040 он гэхэд озоны цоорол ажиглагдахаас өмнөх 1980 оны түвшинд хүрч сэргэх төлөвтэй байгаа ажээ.

Эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчдын хувьд озоны давхаргыг задалдаг бодисыг хориглох шийдвэрийг байгаль орчныг хамгаалах чиглэлд гаргасан хамгийн чухал ололт амжилтуудын нэг хэмээн сайшааж ирсэн бөгөөд хорт хийн ялгарлыг зохицуулахад жишиг болно гэж үздэг.

Судлаачдын тогтоосноор, хлорфторт нүүрстөрөгчийн ялгарал 2018 он хүртэл түүхэн дээд үзүүлэлтэд хүрснээсээ хойш буурч эхэлсэн бол хлорынх 1993 онд дээд цэгтээ хүрснээсээ хойш 11.5 хувиар, бром 1999 онд дээд цэгтээ хүрснээсээ хойш 14.5 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here