Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны хүрээлэнгийн газраас онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх бөгөөд 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах ажээ.

2023 оны 1 дүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс үзвэл энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -31…-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байх юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here