ТӨРИЙН залгамж чанар нь:  Хэтийн сайн төлөвлөлттэй, судалгаа тооцоотой, алсын хараатай, эдийн засгийн үр ашигтай, улс оронд чухал хэрэгтэй, төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, эсрэгээрээ хууль зөрчсөн, авилга, ашиг сонирхол орсон, үр ашиг муутай, нийгэмд сөрөг нөлөөтэй, алсын үр урхаг нь хортой  аливаа шийдвэрийг засч залруулах, өөрчлөн сайжруулахад оршино.

Нисэхийн салбартаа “Буянт-Ухаа” үнэнч үлдэнэ гэсэн гарчигтай энэ мэдээг хараад “…сэтгэлд гал байхад тулганд түлээ олдоно…” гэдэг үг санаанд буулаа. Буянт-Ухааг хэрхэн ашиглах талаар хэлэлцэж байх үед Б.Энх-Амгалан миний бие салбарын сайдын хувьд Засгийн Газарт хэд хэдэн санал оруулж байсан юм. 

🛑 Боинг загварын онгоцны Ази дахь засварын төв болгох.

🛑 Онцгой байдал, эрүүл мэндийн тусламж, ХАА, захиалгат нислэгээр ашиглах.

🛑 Олон Улсын Нисэхийн салбар сургууль байгуулах, сургалтын нислэг үйлдэх.

🛑 Ерөнхий Агаарын Тээврийг хөгжүүлэх, агаарын такси бааз байгуулах. 

🛑 Ангар, Карго, Гаалийн баталгаат агуулах, шуудан тээвэр логистикийн чиглэлээр ашиглах.

🛑 Нисэх спорт, аялал жуулчлал, агаарын шоу үзүүлбэр, агаарын хөлгийн үзэсгэлэн худалдаа эрхлэх чиглэлээр Буянт Ухаагаа ашиглаж, иргэний нисэхийн салбарыг цаашид хөгжүүлэх нь алс хэтдээ Монгол Улсад амин чухал хэрэгтэй, үр ашгаа өгнө гэж танилцуулж байж.

ШААРДЛАГА ХЭРЭГЦЭЭ, ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

⁉️ Дэлхийд иргэний нисэхийн чиглэлээр 24000 агаарын хөлөг үйлчилгээ үзүүлж байгаагаас 18500 АГААРЫН ХӨЛӨГТ их засварын үйлчилгээ хийгдэх эсвэл шинээр солих шаардлагатай. МИАТ” ТӨХК-ийн техник үйлчилгээний төв нь олон улсын засварын гэрчилгээтэй,  2 ангарт техникийн үзлэг, капитал засвар хийдэг 14 цехтэй бөгөөд 2017 онд 4 улсын 50 агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг хийж 11 ТЭРБУМ төгрөгийн орлого олсон. BOEING компаниас 2017-2037 он хүртэлх агаарын хөлгийн эрэлт хэрэгцээг тодорхойлоход нийтдээ 6,3 ТРЛН. АМ ДОЛЛАРЫН зах зээлийн багтаамж байгаа судалгаа гарчээ. 2015 онд Ази, номхон далайн бүсийн агаарын хөлгийн засварын төвүүдэд Америкийн нэгдсэн улс 18 МЛРД.АМ ДОЛЛАР зарцуулсан. 2015-2025 онуудад энэ зардал 71%-иар өсөх бөгөөд зөвхөн Хятад улсад гэхэд 93%-иар өсөхөөр байна. (Source: IATA) Хөрш ОХУ, БНХАУ-н иргэний агаарын тээврийн 80 орчим хувийг BOEING, AEROBUS компанийн агаарын хөлгүүд эзэлж байгаа нь нисэхийн сургалт, засвар үйлчилгээний боломж, орон зайн багтаамж сайтай Монгол Улсын хувьд үүссэн таатай боломж юм. Энэ нөхцөл байдлыг шуурхай ашиглах нь манай улсын хөгжлийн шинэ боломж, гарц байна.

⁉️ Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн Монгол улсын хувьд онцгой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ХАА, аялал жуулчлал, захиалгат нислэгт жижиг, дунд оврын агаарын хөлөг ашиглах нь цаг хугацаа эдийн засагт хэмнэлттэй, үр ашигтай, найдвартай, тохь тухтай, түргэн шуурхай зэрэг олон талын ач холбогдолтой.

⁉️ Агаарын тээврийн гол компани болох Boeing-оос гаргасан судалгаагаар 2018-2037 оны хугацаанд дэлхийн агаарын тээврийн салбарт 790,0 мянган нисгэгч, 754,0 мянган техникийн ажилтнууд, 890,0 мянган кабины ажилтнуудын эрэлт хэрэгцээ шаардлагатай болох тулгамдсан асуудал үүсч байна. Нийт зах зээлийн багтаамж 2,434,000 хүн байгаагаас 40% нь буюу 973,6 мянган боловсон хүчин, нийт 111 млрд. ам.долларын зах зээлийн 44,4 млрд.ам.доллар нь (хүн бэлтгэх зардал) Ази Номхон Далайн бүсэд ноогдож байна. Иймд энэ зах зээл рүү Монгол Улс орох цаг нь болсон.

⁉️ Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-оос хийсэн судалгаагаар агаарын зорчигч тээврийн үйлчилгээний 2018 оны 06 дугаар сарын үзүүлэлтийг өмнөх оны 06 дугаар сартай харьцуулахад дэлхийн хэмжээнд 7,8%-иар өссөн байна. “Ирэх 20 жилийн хугацаанд агаарын ачаа тээвэрлэлт дунджаар 4,7 хувиар өсөх хандлагатай байна. 

2033 он хүртэл агаарын шуудан, агаарын ачаа тээвэрлэлтийн өсөлтийг /RТK/ /орлого-тонн-км/  хэмжигдэхүүнээр авч үзвэл 2013 оны 207,8 тэрбумаас 2033 он гэхэд 521,8 тэрбум хүртэл өсөх болно” гэсэн байна. /source:Boeing/ Мөн судалгаанд Ази тивийн орнуудын агаарын тээвэрлэлтийн өсөлт нь дэлхийн дундажийг тэргүүлэх бөгөөд Хятад улсын орон нутгийн болон Азийн орнуудын хоорондын ачаа тээвэрлэлтийн жилийн дундаж өсөлт 6,7% -6,5%-тай байхаар байна. Өнөөгийн цахим худалдааны өсөлт нь дэлхийн агаарын ачаа тээвэрлэлтийнг хөгжүүлэх гол хүчин зүйл болж байна. Жил бүр 340 тэрбум орчим захидал, 6.7 тэрбум шуудангийн илгээмжийг агаарын тээврээр илгээж байгаа бөгөөд үүнд агаарын тээвэрлэгчид чухал үүрэг гүйцэтгэж байна. 

📌 ДҮГНЭЛТ:

Монгол улс нь Ази, номхон далайн бүсийн гол зах зээлээс 3 ЦАГИЙН ЗАЙД байршиж байгаа бөгөөд энэ бүс нутагт 258 ширхэг B737, B767 нислэг үйлдэж, энэ тоо жил бүр 4-5%-иар өсч байна. Энэ бүх мэдээлэл судалгаа нь бидэнд шаардлагатай газар, талбай, дэд бүтцийн боломж нь байна. 

Газар зүйн байрлалын хувьд ОХУ, БНХАУ болон Ази номхон далайн бүсийн орнуудад үйлчилгээ үзүүлэх бүс нутагт, агаарын цагийн орчинд байна.  Эдгээр давуу талуудаа ашиглаад олон улсын сургалт, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, агаарын карго ачаа, шуудан, тээврийн логистикийн бүсийн төвийг Монгол улсад байгуулах нь цаашдаа дэлхийд эргэлдэж байгаа 4.6 млрд.ам долларын зах зээлээс хувь хүртэх боломж бидэнд үүсэх юм.

Төгсгөлд нь 2021 оны 11 сарын 22-27-ны өдрийн нислэгийн гүйцэтгэлийн мэдээллийг танилцуулья.
• Олон улсын өнгөрөлт-1591
• Чингис хаан ОУНБ-97
• Буянт-Ухаа НБ-35 нислэгүүд үйлдэгджээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/photo?fbid=437707631257341&set=a.423736665987771

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here