Сүүлийн өдрүүдэд цахим орчинд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia системийн нэр, лого болон дүр төрхийг хууль бусаар ашигласан хуурамч зар, холбоосууд түгээгдэж байна. Тухайлбал, богино хугацаанд буюу 1-2 минутын дотор нэг удаагийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой хэмээх амлалт бүхий зар сурталчилгаанууд нийтлэгдэж байгаа нь албан ёсны мэдээлэл биш болохыг сэрэмжлүүллээ.
Эдгээр хуурамч зар нь иргэдийн хувийн болон банкны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр авах зорилготой цахим луйвар байж болзошгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. Иймд эргэлзээтэй холбоос дээр дарахгүй байх, регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах код болон нууц үгээ бусдад өгөхгүй байх шаардлагатайг анхааруулав.
Төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны цахим хуудас, баталгаажсан аппликейшн болон албан сувгуудаас шалгахыг зөвлөж байна. Сэжигтэй зар сурталчилгаа болон холбоос илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалахыг уриаллаа.