БНСУ-ын Сөүл хотын “COEX” үзэсгэлэнгийн төвд 2026 оны 12 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд “COMEUP 2026 – Global Startup Festival” олон улсын стартап, инновацын арга хэмжээ зохион байгуулагдана. Тус арга хэмжээ нь дэлхийн улс орнуудын гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон технологийн салбарынхныг холбох, түншлэлийг өргөжүүлэх зорилготой юм.
Энэхүү наадамд эх орноо төлөөлөн оролцох гарааны компаниудын эхний шатны материалыг 2026 оны 10 дугаар сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд цахимаар хүлээн авна. Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатнаас шилдэг зургаан төслийг шалгаруулах ба БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам болон Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэнгийн ажлын хэсэг 11 дүгээр сарын 3-ны дотор эцсийн гурван багийг тодруулах юм.
Шалгаруулалтад мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, байгуулагдаад 7 жил болоогүй, англи хэлээр төслөө танилцуулах чадвартай компаниуд хамрагдах боломжтой. Эцсийн шатанд шалгарсан гурван компанийн Улаанбаатар–Сөүл чиглэлийн хоёр талын нислэг, зочид буудлын зардлыг бүрэн санхүүжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын тавцанд танилцуулах боломж олгоно.