Засгийн газрын хуралдаанаар Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Сэргэлэн, Цээл, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэрт орших нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.
Энэхүү шийдвэр нь УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Атар IV” аяны зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байна. 2024 оноос хойш Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор нийт 83 мянган га атар газрыг тариалангийн газарт шилжүүлээд байсан юм.
Атар газрыг тариаланд шилжүүлснээр Газрын нэгдмэл сангийн бүртгэлтэй 1.2 сая га тариалангийн талбайн хэмжээ 1.28 сая га-д хүрч, дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхээс гадна орон нутагт шинээр ажлын байр бий болох ач холбогдолтой байна.