Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авлаа. Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд холбогдох албаны төлөөлөл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл, сургуулийн удирдлага, багш, сурагчид оролцсон байна.
Тус сургуульд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хими, физик, биологи, мэдээлэл зүйн лабораториудыг шинэчлэн тоноглож, багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэн номын санг баяжуулжээ. Энэ хичээлийн жилд тус сургууль 62 багш, ажилтан, 650 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Кембрижийн хөтөлбөрийн эхний шатанд есдүгээр ангийн гурван бүлэгт 70 сурагч суралцаж байгаа бөгөөд цаашид ахлах ангидаа Cambridge International AS & A Level хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.