Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/515 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын удирдамж, үнэлэх заавар”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд тус хяналт, шалгалтыг зохион байгуулж байна. Үүгээр харьяа анги, салбаруудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, бэлтгэл бэлэн байдлыг нэгдсэн удирдамжийн дагуу үнэлж байна.
Шалгалтын хүрээнд анги, салбаруудын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчдын мэргэжлийн бэлтгэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт болон холбоо, нөөцийн бүрдүүлэлтийг нарийвчлан шалгаж байгаа ажээ.
Мөн шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, анги нэгжүүдийн харилцан ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад анхаарч байна. Ингэснээр гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед алба хаагчид шуурхай, үр дүнтэй, аюулгүй үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэх юм.