Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд үзүүлэх бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг илүү шуурхай, боловсронгуй болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн шинэчилсэн “E-PROPERTY” системийг хөгжүүлэн нэвтрүүлж байна. Системийн хөгжүүлэлт, туршилтын ажлыг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үе шаттайгаар хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд туршин санал зөвлөмжид үндэслэн сайжруулжээ.
Системийн бэлтгэл ажил болон туршилтыг амжилттай хангасны дараа 2026 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “E-PROPERTY” шинэчилсэн системийг Баянзүрх дүүрэгт албан ёсоор нэвтрүүлээд байна. Тус хэлтэс нь системийг бодит үйл ажиллагаанд туршин ажиллуулж, улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэлийг ханган ажилласан юм.
Шинэчилсэн системийг нэвтрүүлснээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг илүү шуурхай хүргэх, мэдээллийн найдвартай байдал болон бүртгэлийн хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэл багатайгаар цахим хэлбэрээр хүргэх боломж бүрдэж байна. Цаашид уг системийг нийслэлийн бусад дүүрэг болон орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.