Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал боллоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хурлыг удирдан явуулж, нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд вагон буулгалт, шилжүүлэн ачилтыг эрчимжүүлэх, боомтуудын бэлэн байдлыг хангах чиглэл өгөв.
Орон нутгийн шатахуун түгээх станцуудад дунджаар 54 машины хүлээгдэл үүсээд байна. Үүнээс Баян-Өлгий аймагт 105, Дорноговь болон Өмнөговьд тус бүр 90, Дорнод болон Завханд тус бүр 85 машины хүлээгдэл үүссэн тул эдгээр аймагт нийлүүлэлтийг нэн даруй нэмэгдүүлэх, бусад нутагт тогтвортой түгээхийг үүрэг болголоо.
Мөн намрын ургац хураалттай холбогдуулан газар тариалангийн бүс нутгуудад автобензин, дизель түлшний хангамжийг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.