Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд нийгмийн хөгжил, төрийн үйлчилгээ болон бизнесийн орчинд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох, шийдвэрлэх санал нэгтгэх хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь иргэд, бизнес эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хязгаарлаж буй дүрэм журам, хүнд суртлыг арилгахад чиглэжээ.
Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэлийг багасгах, хөдөлмөрлөж орлогоо нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн хөгжлийн боломжийг тэлэх үндсэн гурван чиглэлээр санал солилцсон байна. Оролцогчдын санал, хүсэлтийг цахимаар хүлээн авч, тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн шийдвэрлэх түвшнийг тодорхойлохоор ажиллаж байна.
Тус хэлэлцүүлгийг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “YES Mongolia” ТББ, хамтран зохион байгуулагчаар орон нутгийн ИТХ, ЗДТГ оролцжээ. Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлж, бодит шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн байна.