Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнөж, хүүхэд бүрийг аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлөөр хангах ажлыг байгууллагууд эхлүүлээд байна. Энэ хүрээнд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, арилгах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд зөв гэж үзсэн ажлаа ярих төдий бус, бодитоор ажил хэрэг болгоход анхаарч байна.
Тухайлбал, боловсрол болон төрийн байгууллагууд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор дотооддоо эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын цэцэрлэг Эрсдэлийн үнэлгээний хороо байгуулан, сайдын тушаалын дагуу үнэлгээ хийж “бага эрсдэлтэй” түвшинд үнэлэгджээ. Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл сум зэрэг орон нутгийн байгууллагууд уг үндэсний хөдөлгөөнд идэвхтэй нэгдэхийг олон нийтэд уриалж байна.