Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ажлын түвшний уулзалт боллоо. Уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Монголын талын ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэж буй “Сонголт дизайн” ХХК-ийн инженерүүд болон БНХАУ-ын Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан Жөзяны их сургуулийн Хот, хөдөөгийн төлөвлөлтийн хүрээлэнгийн төлөөлөгчид оролцсон байна.
Талууд “Нэг хүрээлэн, нэг зураг төсөл” үзэл баримтлалын дагуу Монголын талын төлөвлөгөөг оновчтой уялдуулах, үндсэн гол гарц, хоёр тусгай шугамын бүтээн байгуулалтын дараалал, төмөр замын холболт болон өндөржилтийн асуудлыг хэлэлцжээ. Мөн Эрээн хотын талын бүсийн гол гарцын хил холболтын цэг дээр газар дээр нь очиж ажилласан байна.
Уулзалтын дүнд Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсаны дагуу хоёр талын ерөнхий төлөвлөгөөний уялдаа холбоог хангах зорилгоор мэдээллийг тогтмол солилцож байхаар тогтов.