Цахим орчинд "100 литр шатахуун үнэгүй", "Шагналаа авахын тулд энд дар" гэх мэт зар сурталчилгаа түгээж, иргэдийг төөрөгдүүлэх тохиолдол гарч байгааг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс сэрэмжлүүлэв. Залилан үйлдэгчид арилжааны банкны нэр, логог ашиглан хуурамч нэвтрэх хуудас бэлтгэж, зарын холбоосоор дамжуулан хэрэглэгчдийн нэвтрэх эрхийг хулгайлахыг зорьдог байна.
Тухайн хуурамч хуудсанд нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулбал данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдэх өндөр эрсдэлтэй. Иймд цахим хуудас танил харагдсан ч нэвтрэхээс өмнө хөтчийн хаягийг нягтлах, сэжигтэй хуудсанд картын мэдээллээ оруулахгүй байх, зар болон мессежээр ирсэн холбоосоор банкны систем рүү хандахгүй байхыг зөвлөлөө.
Хэрэв хуурамч хуудсанд хувийн нууц мэдээллээ оруулсан тохиолдолд харилцагч банк болон цагдаагийн байгууллагад нэн даруй хандах шаардлагатай. Цахим залилангийн талаарх мэдээллийг цагдаагийн 102 болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарын утсаар мэдээлэх боломжтой.