Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах VI уралдааныг “Бизнесийн орчин ба хувийн эрх зүйн шинэтгэл” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Уралдаанд эрх зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэмтэн, судлаачид болон оюутнууд оролцох боломжтой юм.
Шилдэг бүтээлийн төрөлд сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, импакт фактор бүхий сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллээр оролцох бөгөөд бүтээлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2 хувь ирүүлнэ. Харин магистр, докторын зэрэг хамгаалахад зориулсан бүтээлийг хүлээн авахгүй.
Шилдэг төслийн уралдаанд суурь, хавсарга болон инновацын төслүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүлээн авах бол шилдэг илтгэлийн төрөлд хууль зүйн бакалаврын түвшний оюутнууд илтгэлээ Дотоод хэргийн их сургуульд хүлээлгэн өгөх шаардлагатай. Бүх төрлийн материалыг 2026 оны 11 дүгээр сарын 09-ний 17:30 цаг хүртэл хүлээн авна.